Архитекторын салбарт Франц Монголын оюутнуудын хамтын ажиллагаа

Францын Гадаад харилцааны яам, Монгол улс дахь Францын Элчин сайдын яам, Улаанбаатар хотын засаг даргын газрын дэмжлэгтэйгээр Парис хотын хот төлөвлөлтийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Парис Ла Вилетт Их Сургууль, ШУТИС-н хамтарсан хот төлөвлөлтийн ателье- төсөл 2013 оны 9-р сарын 14 нөөс 25 ны хооронд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Парисын хот төлөвлөлтийн ателье /APUR- Atelier Parisien d’Urbanisme/-гийн төлөөлөгчид 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын засаг даргын газрын удирдлагуудтай уулзаж, хотын ерөнхий төлөвлөгөөнд хамтран ажиллах болон хоёр хотын их сургуулиудын архитекторын ангийн оюутнуудын хамтарсан Ателье буюу урлан бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах тухай санал тавьсан.

2012 оны 12-р сард Монголын хотын захиргааны төлөөлөгчид Парис хотод айлчлах үеэрээ “Парис Ла Вилетт” дээд сургуультай хамтын ажиллагаа хэрэгжүүлэх зөвшилцөлд хүрснээр энэ удаагийн хоёр хот, хоёр сургуулийн хамтын ажиллагааны суурь тавигдсан юм.

Франц, Монголын архитекторын дээд сургуулиудын багш нараар удирдуулсан оюутны хамтарсан 5 баг нь хэсэг гэр хорооллыг хотжилт, архитектор, социологийн талаас нь дүгнэлт гаргаж, тухайн оршин суугчдын амьдралын хэв маягт тохируулан өөрчлөн байгуулж, хөгжүүлэх төсөл дээр ажиллаа.

Энэхүү төсөл нь хоёр орны ирээдүйн хотыг босголцох залуучуудад шинийг нээх, чөлөөтэй сэтгэх, хоёр орны соёл, нийгмийг хамтран судлах боломж олгосон төсөл болж өндөрлөсөн ба Парис хот, Улаанбаатар хот болон Франц, Монгол оюутнуудын хоорондох тус хамтын ажиллагаа нь ирээдүйн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг нь дамжиггүй ээ.

publié le 01/10/2013

Дээшээ