Элчин сайд Ив Дэлунэ УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа

JPEG Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэ УИХ-ын дарга З.Энхболдтой 2012 оны 9-р сарын 5-нд уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Франц улс нь Монгол Улсын нийгмийн шилжилт, ардчиллын хөгжилд эдийн засгийн болон хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байгаад талархдагаа илэрхийллээ.

Элчин сайд Ив Дэлунэ төрийн өндөр албанд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэж ажлын амжилт хүсээд Монгол, Франц улсууд эртний түүхэн харилцаатай бөгөөд барууны орнуудаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Элчин сайдын яамаа нээсэн анхны улсын нэг гэдгийг онцолж, энэхүү харилцааг цаашид бүх түвшинд гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Элчин сайд УИХ-д Монгол, Францын парламентын бүлэг байгуулагдаж байгаа эсэх талаар тодруулж харилцан хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд НҮБ, Европын Холбооны нөлөө бүхий гишүүний хувьд Франц улс олон улсын түвшинд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх, Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг манай улсад байгуулахад нааштайгаар хандана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Энэ сарын сүүлчээр Францын бизнесийн төлөөлөгчид Монголд ирж эдийн засгийн зарим салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судалж уулзалт зохион байгуулах бөгөөд Франц улсад болох олон улсын ХАА-н үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг оролцуулахад Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлж байгаа тухай дуулгалаа. Франц нь ХАА-н арвин туршлагатай орон учраас цаашид энэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр ашиг шимтэй малын үүлдрүүдийг Монголд оруулж ирэх, цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа талаар мөн ярилцлаа.

publié le 10/09/2012

Дээшээ