Элчин сайдын үг

JPEG Эрхэм монгол анд нар аа, эрхэм нутаг нэгтэн нар аа, эрхэм найз нар аа,

Миний бие Улаанбаатарт хүрэлцэн ирээд удаагүй байгаа бөгөөд юуны түрүүнд нутаг нэгтэн нартаа хандахыг хүсэж байна. Та бүхэн өнгөрсөн арван найман сарын хугацаанд цар тахлын улмаас амаргүй цаг үеийг туулж, өмнө нь тулгарч байгаагүй хүндрэл бэрхшээлүүдийг даван, шинэ нөхцөлд дасан зохицож, өөрийн болон ойр дотно хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахын зэрэгцээ заримдаа хилийн хорионы улмаас тэдэнтэйгээ уулзаж чадахгүйд хүрч байсан билээ. Хэдийгээр бид нөхцөл байдалд дасан зохицох чадамжтай болсон хэдий ч сонор сэрэмжээ алдахгүй байх нь чухал юм. Удаан үргэлжилж буй энэхүү сорилтын өмнө миний бие болон энэ зун бараг бүхэлдээ шинэчлэгдсэн элчин сайдын яамны франц ажилтнууд, түүнчлэн манай чадварлаг монгол ажилтнууд үргэлж та бүхэнтэй хамт байх болно. Бид ирээдүйгээ урьдчилан тосч бэлдэх хэрэгтэй. Би Монгол дахь Франц сургууль, Аллианс франсэз, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, франц компаниуд болон Элчин сайдын яам зэрэг бүх түвшинд Монгол Улсад ажиллаж амьдарч буй франц иргэд, франц хэлтэн нарын зүрх болсон байгууллагуудаа дэмжин, тэднийг харилцан уялдаатай ажиллахад анхааран ажиллах болно.

Монгол анд найз нартаа хэлэхэд, би Монгол Улсын Гуравдагч хөрш болох Франц улсыг төлөөлж буйдаа туйлын баяртай байна. Манай хоёр улс эрт дээр үеэс түүхэн харилцаатай байсныг 1253-54 онд Монголын Хаанд бараалхахаар ирсэн Гийом де Рүбрүкийн алдарт аялал, 1911-1913 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дөнгөж дараа Францын зурагчин Стэфань Пассэ Монгол улсад ирсэн явдал, тун удахгүй аравдугаар сард 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсон явдал зэргээс харж болно.

Бид бүхэн найрсаг харилцаатай улсууд. Бид хэдийгээр Евро-Азын бүсэд газар зүйн талаасаа алслагдсан хэдий ч манай хоёр орон тус тусын газар нутгийн өвөрмөц байдал, өөрсдийн түүх, соёлоороо бахархах байдал зэрэг олон талаараа төстэй байгаа нь биднийг ойртуулж байгаа бөгөөд монголчуудын адилаар францчууд ч энэ төстэй шинж чанарыг байнга судалсаар байгаа билээ. Монгол улсыг мөрөөдөн зорьж ирсэн францчууд, Франц улсад сурч, амьдарч буй монголчууд бидний ойртон нөхөрлөх гүүр болж, бид өөр өөрсдийн онцлогийг танин биширсээр байдаг билээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй франц компаниуд Монголын эдийн засгийн хөгжил болон нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг болохыг зорин ажиллаж байна. Бидний оруулж буй хөрөнгө оруулалт нь шинээр ажлын байр үүсгэхийн зэрэгцээ Монгол Улс дэлхийн эдийн засгийн тавцанд гарахад дэмнэх юм. Манай улсын шинэ технологиуд тухайн улсын өрсөлдөх чадамжийг өргөж өгдөг. Бид бүхний тус бүрийн мэдлэг-чадвар, харилцан солилцож буй туршлагууд маань байгаль орчин, хотын хөгжил, нийтийн тээвэр зэрэгт үүсэж буй сорилтуудад шийдэл олж байна.

Франц Улс нь гуч гаруй жилийн өмнөөс нээлттэй бодлого, ардчиллын замыг сонгосон Монгол улсыг улс төрийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагаагаараа дэмжихэд үргэлж идэвхитэй байх болно. Халдвар аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн тогтвортой байдлын сорилтууд зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжит ганц гарц болох олон улсын олон талт харилцаанд манай хоёр улс нийтлэг ач холбогдол өгч байна. Түүнчлэн, Франц улс Монгол улсын төр засаг, түүний ардчилсан байгууллагуудыг үргэлж дэмждэг бөгөөд үүний илрэл бол саяхан болж өнгөрсөн Францын Сенатын томоохон айлчлал юм. Бид Монголын нийгмийг бүрдүүлэгч хэсэг болох Улаанбаатар хотын оршин суугчид, орон нутгийн нийт иргэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, малчид, суурин газрын иргэд, үе үеийн монголчуудыг ойлгож, тайлбарлаж бас дэмжиж ажиллахыг хүсэж байна.

Эдгээр бүхий л цар хүрээнд Францын баг та бүхэнтэй уялдаа холбоотой ажиллаж улам илүү үр дүнд хүрэх болно.

Сэбастиен СҮРҮН

Монгол улс дахь Францын Элчин сайд

publié le 22/09/2021

Дээшээ