“Франц хэлтнүүдийн баяр 2012” амжилттай болж өнгөрлөө

JPEG 2012 оны 3-р сарын 30-наас 31-ний хооронд монгол дахь франц хэлтнүүдийн баярыг 400 оролцогчдын дунд олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж явууллаа. Франц хэлний сургууль, суралцаж байгаа нийт оюутнуудын эрч хүч шингэсэн тус баяр олон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийнхэн зэрэг шинэ хамтрагчидтай болж, бусад франц хэлтнүүдээ зоригжууллаа.

Уламжлал болсон франц хэлний уралдааныг мэргэжлийн шүүгч нараар шүүлгэж, франц бүтээгдэхүүний үзэсгэлэн хүдалдааг зохион байгуулсны дээр франц хэлний диплом гардан авсан шинэ залуу төгсөгч нарыг ажлын байраар хангах зорилго бүхий франц хэлтэн оюутнууд, аж ахуйн нэгжүүдийн чуулга уулзалтыг Монгол-францын төв, Франц хэлний монгол багш нарын холбооноос хамтран уламжлал болгон зохиохоор нэмж оруулсан юм. Тус арга хэмжээний албан ёсны хамтран зохион байгуулагч болох Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд хоёр өдөр дэлгэгдсэн үзэсгэлэнд хорь гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.
JPEG Франц дууны, зохион бичлэгийн, шүлгийн мөн түүнчлэн энэ жил нэмэгдэж орсон фото зургийн анхны тэмцээн зэрэгт 200 гаруй оюутан залуус оролцож, 30 гаруй нь тус арга хэмжээний ивээн тэтгэгчдийн шагналыг хүртжээ. Шагнал гардуулах ёслолыг Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд тэргүүлж, уг үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны цэргийн найрал хөгжмийн хориод хөгжимчид оролцлоо. Франц хэлний анги нээгээд хоёр жилийн нүүр үзэж байгаа Батлан хамгаалахын их сургуулийнхан гэнэтийн бэлэг барьж франц дууны уралдаанд түрүүлсэн юм.

Тэмцээний гол шагналууд :
- Зохион бичлэг болон яруу найргийн тэмцээнд түрүүлсэн оюутан Францын элчин сайдын яамны шагнал болох Франц улсад хэлний дадлагад хамрагдах эрхийг авсан юм. Шүүгч нараас өгсөн 10 франц үгийг оролцуулан бичсэн түүний шүлгийн нэр нь “Ирээдүйдээ илгээх захидал”.
- Франц дууны тэмцээнд “Алин” /Кристоф/ дуугаараа түрүүлсэн оролцогч “Universe Best Songs” /UBS телевиз/ нэвтрүүлэгт оролцох эрхээр шагнуулсан.
- “Миний эх орон дахь франц хэлтнүүд” сэдэв фото зургийн уралдааны эхний 3 байрын шагналтнууд өөрсдийн бүтээлээ монголын гэрэл зургийн “Mongolian Photo News” сэтгүүлд хэвлүүлэх эрхийг авсан.

Монгол дахь франц хэлтэн орнуудын ЭСЯ-дууд болон франц хэлтэн гишүүн орнуудын төлөөлөгч нар тус үйл ажиллагааг дэмжин оролцсон бөгөөд дараагийн гурав дахь удаагийн Франц хэлтэн орнуудын кино наадамд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн юм. Уг наадмын үеэр Франц хэлтэн орнуудын олон улсын байгуулагын гишүүдээс Бельги, Болгар, Канад, Франц, Лаос, Люксембург, Бүгд Найрамдах Чех улс, Швейцар, Вьетнам зэрэг орнуудын киног үзэгчдийн хүртээл болгох юм.

publié le 17/04/2012

Дээшээ