Франц улсын Удирдлагын Их Сургуулийн төгсөгч хатагтай Дүйнхэржавын Навчаагийн ярилцлага

- Франц улсын Удирдлагын Их Сургуулийг төгссөн танд баяр хүргэе. Та энэ сургуульд хэрхэн суралцсан, юу сурж мэдсэн талаараа бидэнтэй хуваалцана уу.

Намайг Дүйнхэржавын Навчаа гэдэг, Монгол улсын иргэн. Би Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ажилладаг.
2018 онд Франц улсын Удирдлагын Их Сургуульд суралцах гадаад оюутнуудын элсэлтийн шалгалтыг Монгол улс дахь Франц улсын Элчин сайдын яаманд өгсөн. 2019 оны хавар аман шалгалтаа амжилттай өгсөнөөр Франц улсын Засгийн газрын тэтгэлэг авсан. Дэлхийн нэр хүндтэй сургуульд өөрийн мэдлэг болон мэргэжлийн чадварыг дээшлүүлэх том боломж надад олдсонд их баяртай байдаг. Энэ завшааныг ашиглан Элчин сайд ноён Филипп Мэрлин, Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот болон Элчин сайдын яамны нийт хамт олонд гүн талархалаа илэрхийлж байна.
Бидний хамрагдсан 2019-2020 оны хичээлийн жилийн хөтөлбөрийг “Ур чадварыг бэхжүүлэн дээшлүүлэх хөтөлбөр” /Résilence/ хэмээн нэрийдэн 2019 оны 12-р сард хичээлээ иргэний засаг захиргааны дээд шатны сургалтын франц оюутнуудын анги, албан хаагчдыг нэгтгэсэн анги болон 20 гаран улсаас ирсэн гадаад оюутнуудын анги болгон эхлүүлсэн. Энэхүү сургалтаар бид Франц болон Европын төрийн албаны удирдлагын бүхий л чиглэлүүд болон геополиткийн талаарх суурь мэдлэг олж авч, мөн франц албан хаагчидтай багаар хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх, дүн шинжилгээ хийж, урагш сэтгэх чадвараа гүнзгийрүүлэх зэрэгт суралцсан. Парист суралцах хугацаандаа Францын захиргаанд дадлага хийн арвин туршлага хуримтлуулж, Монголын засгийн газрын ижил төстэй байгууллагуудтай харьцуулан судлах боломж олдсон.
Тус сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд салбар бүрийн мэргэжилтэнгүүд зааж, бидэнд үр өгөөжтэй, арвин туршлага, зайлшгүй арга барилыг олгосон. Олж авсан мэдлэг маань хувийн карьерийн ирээдүй болон Монгол улсын засаг захиргааны системийг сайжруулахад өндөр хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

- Франц улсад өнгөрүүлсэн өдрүүд хэрхэн байв? Ялангуяа Ковид 19 цар тахлын жирийн бус өдрүүд хэр байв?

Франц улсад 2020 оны 3-р сарын 17-оос эхлэн хөл хорио тогтоосон хэдий ч энэ нь хүн төрөлхтөн, соёл иргэншил мөн ажил амьдралын хувьд эерэг тал руугаа шинэ сорилтууд авчирсан гэж боддог. Суралцах хугацаандаа гамшгийн үеийн хэвлэл мэдээлэлтэй ажиллах сургалт, хэлэлцээр явуулах семинар, гамшгийн үеийн сургалтууд, геополитикийн хичээлүүд, Европын асуудлууд, удирдлагын менежментийн систем болон гүйцэтгэлийн менежмент зэрэг мэргэжлийн сургалтуудыг шимтэн судаллаа.
Түүнчлэн, магистрын диссертацийн сэдвээ “Монголын төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” хэмээн сонгосон.
Мөн Франц улсын Хөдөө аж ахуйн яамны олон газрууд, Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө аж ахуй болон Далайн бүтээгдэхүүний Ерөнхий газарт дадлага хийх үеэр Малын худалдаа эрхлэгчдийн холбоонд намайг халуун дотноор хүлээн авч, танилцуулсан юм.

- Олж авсан мэдлэгээ хэрхэн Монгол улсад ажил хэрэг болгох хүсэлтэй байгаа вэ? Таны цаашдын төлөвлөгөө ямар байна?

Франц улсын Удирдлагын Их Сургуульд суралцсанаар би төрийн бодлого, олон улсын харилцааг сайжруулах шинэ хэтийн төлөвийн талаар мэдлэг олж авсан. Дипломын ажлынхаа ачаар олж авсан мэдлэгээ ашиглан удирдлагын менежментэд чиглүүлэн ажиллах болно.
Монголын төрийн байгууллагын олон талын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хүний нөөцийн менежментийг сайжруулах замаар Монголын төрийн албаны гүйцэтгэл, чанар болон мэргэжлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулах нь миний зорилго болно. Төрийн албан хаагч нь өндөр боловсролтой байж, удирдлагын үүрэг хариуцлагыг бэхжүүлж, гүйцэтгэлийн менежментийг бүх түвшинд сайжруулах шаардлагатай. Түүнээс гадна, ажлын таатай орчин, удирдах албан тушаалтны шатлалыг дагаж мөрдөх, аюулгүй байдлыг эрхэмлэх, ажлын замналынхаа явцад дэвшин хөгжих боломжийг бүрдүүлэх зэрэг хүний нөөцийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Түүний дараагаар дипломат албанд карьерээ үргэлжлүүлэх бодолтой байна.

publié le 31/07/2020

Дээшээ