Францын Үндэсний баярын хүлээн авалт

Францын ЭСЯ нд 2019 оны 7-р сарын 9 нд Францын Үндэсний баярын хүлээн авалтыг зохион байгууллаа. Монгол улсын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлсний дараа Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин болон Монгол улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар үг хэлж ёслолын ажиллагааг нээлээ.

Энэхүү хүлээн авалтын үеэр Францын гэрэл зурагчин Кристоф Гуссарын 1994 онд Монгол улсад аялах үеэрээ авсан гэрэл зургийн үзэсгэлэн зочдын анхаарлыг татлаа.

Монголчуудын танил болсон франц морин хуурч Стев Морил Монголын үндэсний хөгжмөөр энэ үдэш олны сонорыг мялаасны зэрэгцээ Ховд аймгийн Булган сумаас ирсэн ардын язгуур урлагийнхан өөрсдийн авьяасаа толилууллаа.

Дашрамд дурдахад, энэ жил Францын Рубрук тосгон, Ховд аймгийн Булган сумтай ахан дүүсийн харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм.

Францын Элчин сайдын яам хүлээн авалтыг ивээн тэтгэгч байгууллагууд, зохион байгуулагч байгууллагууд болон Франц үндэсний баярыг хуваалцсан зочиддоо чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье.

publié le 16/07/2019

Дээшээ