Францын Удирдлагын үндэсний сургуулийн төгсөгч хатагтай Дүйнхэржавын Навчаатай хийсэн ярилцлага [fr]

- Францын Удирдлагын үндэсний сургуулийг амжилттай төгссөн танд баяр хүргэе. Энэ сургуульд хэрхэн элссэн, сурч мэдсэн зүйлсийнхээ талаар бидэнтэй хуваалцана уу.

Баярлалаа, Намайг Дүйнхэржавын Навчаа гэдэг, Монгол Улсын иргэн. Би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажилладаг.
Францын Үндэсний удирдлагын сургууль, Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас 2018 онд зохион байгуулсан тус сургуулийн гадаад оюутнуудын элсэлтийн шалгалтанд хамрагдсан. Улмаар 2019 оны хавар ярилцлагын шалгалтаа амжилттай өгч, Францын Засгийн газрын тэтгэлгийг хүртэх завшаан тохиосон.
Дэлхийн нэр хүндтэй сургуульд өөрийн мэдлэг болон мэргэжлийн чадварыг дээшлүүлэх том боломж олдсонд баяртай мөн хүндэтгэлтэй байгаа.
Энэхүү завшааныг ашиглан Элчин сайд ноён Филипп Мэрлин, Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот болон Элчин сайдын яамны нийт хамт олонд гүн талархалаа илэрхийлж байна.
JPEG
2019-2020 оны хичээлийн жилийн "Resilience" /Уян хатан байдал, даван туулах чадвар/ сургалт 2019 оны 12-р сард эхэлсэн. Уг сургалтанд Төрийн захиргааны өндөр албан тушаалтнуудыг мэргэшүүлэх анги болон Албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх ангийн франц оюутнууд, түүнчлэн 20 гаруй орны оюутнууд хамрагдсан.
Энэхүү сургалтаар Францын болон Европын бусад улсын төрийн захиргааны бүхий л харилцаа, геополиткийн суурь асуудлуудтай танилцсан, нөгөөтэйгүүр Францын төрийн албан хаагчидтай баг болон хамтран ажиллах замаар өөрсдийн урьдчилан төсөөлөн сэтгэх, дүн шинжилгээ хийх мэдлэг чадвараа гүнзгийрүүлэх тал дээр дадлагажлаа.
Парис дахь Францын төрийн захиргааны байгууллагад дадлага хийхдээ Монголын ижил төстэй төрийн байгууллагуудыг харьцуулан судлах боломж гарч арвин баялаг мэдлэг хуримтлуулсан.
Цаашдын миний ажлын карьерт хэрэгцээтэй түүнчлэн Монгол улсын төрийн удирдлагын системийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай шинэлэг арга зүйг бидэнд зааж сургасан салбар бүрийн өндөр зэрэглэлийн мэргэшсэн багш, доктор, профессоруудын ачаар сургалт өндөр үр өгөөж, ач холбогдолтой болсон.
- Францад өнгөрүүлсэн өдрүүд ямар байв? Ялангуяа Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотой жирийн бус өдрүүд байлаа.

Цар тахлын улмаас Францад 2020 оны 3-р сарын 17-оос эхлэн хөл хорио тогтоосон. Хэдийгээр хүнд хэцүү үе тохиосон боловч хүнлэг харилцаа, соёл, мэргэжлийн хувьд эерэг бас баялаг туршлага байлаа.
Суралцах хугацаандаа цар тахлаас үүдэлтэй хямралын асуудлууд, хэвлэл мэдээлэлтэй ажиллах сургалт, хэлэлцээр явуулах семинарууд, гамшгийн үеийн сургалтууд, геополитикийн хичээлүүд, Европын асуудлууд мөн түүнчлэн ялангуяа удирдлагын менежментийн систем болон гүйцэтгэлийн удирдлага зэрэг сургалтуудыг шимтэн судаллаа.

Тиймдээ ч магистрийн дипломын ажлаа “Монгол Улсын төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр хамгаалсан.


Францын “Хөдөө аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн Ерөнхий газар”-т дадлага хийх хугацаандаа тус улсын Хөдөө аж ахуйн яамны холбогдох газрууд болон “Мал аж ахуйн хүрээлэн”, “Малын худалдаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагуудтай танилцаж, найрсаг харилцаа үүсгэсэн.
Мөн хамт суралцсан ангийн хамт олон, сургуулийн баг хамт олонтой найрсаг сайхан харилцааг бий болгож ажлын болон нөхөрлөлийн мартагдашгүй мөчийг өнгөрүүллээ.

- Олж авсан мэдлэгээ Монголд хэрхэн ажил хэрэг болгох хүсэлтэй байгаа вэ? Таны цаашдын төлөвлөгөө ямар байна?

Францын Удирдлагын үндэсний сургуульд суралцсан мэдлэг маань надад олон улсын харилцаа, төрийн бодлогыг сайжруулах талаар шинэ мэдлэг, хэтийн төлөв, боломж олгосон. Шинээр мэдсэн мэдлэгээ ялангуяа магистрийн дипломын ажлаа удирдлага болгон төрийн удирдлагын менежментийн чиглэлээр хувь нэмрээ оруулан ажиллах болно.


Монголын төрийн байгууллагын олон талын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хүний нөөцийн менежментийг сайжруулах замаар Монголын төрийн албаны гүйцэтгэл, чанар болон мэргэжлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулах нь миний зорилго болно.
Төрийн алба нь өндөр мэргэшсэн байж, удирдлагын үүрэг хариуцлагыг бэхжүүлж, гүйцэтгэлийн менежментийг бүх түвшинд сайжруулах шаардлагатай. Түүнээс гадна, ажлын таатай орчин, удирдах албан тушаалтны шатлалыг дагаж мөрдөх, аюулгүй байдлыг эрхэмлэх, ажлын замналынхаа явцад дэвшин хөгжих боломжийг бүрдүүлэх зэрэг хүний нөөцийн салбарт тулгамдсан асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай.
Түүний дараагаар дипломат албанд ажиллах хэтийн бодолтой байна.

publié le 03/08/2020

Дээшээ