6 дугаар сарын ярилцлага: “Говийн хулан” нийгэмлэгийн ерөнхийлөгч, судалгаа хариуцсан захирал хатагтай Анне- Камие Сури

Хатагтай Анне- Камие Сури нь амьтны зан байдлын судалгааны мэргэжилтэн бөгөөд тэрээр Монгол улс дахь хулангийн сүрэгт судалгаа хийх болон хулангийн сүргийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор “ГОВИЙН ХУЛАН” нийгэмлэг байгуулжээ.

1. “Говийн хулан” ТББ-аа танилцуулна уу ?

Монгол Улсын говь цөлд тэр дундаа их говийн өмнө болон зүүн бүсэд нутгалдаг хулан адууг хамгаалах үйл ажиллагаа дутмаг байдаг тул “Говийн хулан” ТББ-аа 2007 онд байгуулсан. Би 2004 онд Их Говийн байгалийн цогцолбор газарт энэхүү зэрлэг амьтны талаар экологийн судалгаа хийсэн ба улмаар 2006 онд говь цөлийн бусад бүс нутагт судалгаагаа үргэлжлүүлж тус зэрлэг амьтныг хамгаалах тал дээр монгол мэргэжилтнүүдтэй хамтарч зөвлөгөөн явуулсан. Ингээд ТББ байгуулах санаачилга гаргасан юм. Манай холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн бусад ТББ-ууд, орон нутаг дахь төрийн байгууллагууд мөн судалгааны бүсэд амьдардаг нутгийн иргэдтэй байнга хамтран ажиллаж ирсэн.

2. Та Монгол хулан адууны тухай ярьж өгөөч. Яагаад Монгол орны “зэрлэг илжиг” гэж ч нэрлэгддэг уг амьтны төлөө ажиллах болсон бэ?

Монгол орны хулан гэдэг энэ зэрлэг амьтны төрөл зүйлийг зэрлэг илжиг гэж дуудах тохиолдол байдаг ч монголоор бол “хулан” гэж нэрлэдэг. Тэрээр Преживалскийн адуу, Африкийн зэрлэг илжиг болон бусад зүйлийн эрээн тахь зэргийн адил адууны бүлд хамаардаг. Монгол хулан нь Ази тивд танигдсан хулангийн 5 дэд зүйлийн нэг бөгөөд бусад дэд зүйлүүд нь Иран, Энэтхэг, Туркменистанд нутагладаг бол Казакстан, Узбекстан, Изреал болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад түүнийг мөн нутагшуулсан байдаг. Монгол Улсад дэлхийн нийт хулангийн сүргийн 80 орчим хувь нь нутагладаг тул уг төрөл зүйлийг бүхэлд нь хамгаалахад маш чуал улс болоод буй.

Хулан бол олон улсын хэмжээнд хамгаалагдсан амьтны төрөл зүйл юм. Түүнийг Олон улсын байгаль хамгаалах холбоо /UICN/-ны улаан дансанд “ховордох аюулд орсон зүйл” ангилалд оруулсан ба 2015 он хүртэл “ховордсон зүйл”-ийн ангилалд байсан. Энэ төрөл зүйлийг амьд үлдэхэд аюул учруулж буй олон хүчин зүйлүүдэд үндэслэн статусыг нь дахин хянана. Мөн CITES буюу Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцын хавсралт 2-т багтдаг амьтны төрөл юм. Хулан адууг Монгол Улсад ч мөн ховордсон төрөл зүйлийн улаан номонд бүртгэж хуулиар хамгаалсан байдаг.
Би 2003 онд Преживалскийн адууны тухай судалгаа хийж байхдаа Монгол хулангийн тухай анх олж мэдсэн ба тухайн үед уг амьтны тухай судалгаа маш бага байсан. Преживалскийн адуу болон бусад зэрлэг амьтадтай харьцуулахад хуланг төдийлөн анхаардаггүй байсан явдал нь надад 2004 онд Преживалскийн адууг сэргээн нутагшуулах ажлыг хариуцаж байсан олон улсын байгууллагад Монгол Улсын баруун-өмнөд бүсэд хулангийн талаарх өөрийнхөө анхны судалгаагаа эхлүүлэх сэдлийг өгсөн. Ингээд эхний судалгааны ажлынхаа үеэр энэ амьтны төрлийг улам илүү сонирхон түүний өвөрмөц байр байдлыг гүнзгийрүүлэн судлах илүү их эрмэлзэлтэй болсон. Ингээд 2006 онд хулангийн тоо толгой хамгийн ихээр нутаглаж байсан өмнөд бүс нутагт илүү нарийвчилсан судалгааны ажил хийсэн. Энэ үеэр, тус төрөл зүйлд амьд үлдэхэд олон аюул (хулгайн ан, нутгийн мал сүрэгтэй бэлчээр, ус булаалдах гм...) учирч буйг мэдэж авснаар зогсохгүй тоо толгой нь маш хурдан цөөрч буйг уг амьтны төрөл зүйлийг хамгаалах ажлыг маш яаралтай авах нь туйлын чухал юм байна гэдгийг мэдэж авсан.

3. ТББ нь 2007 онд үүсгэн байгуулагджээ. Үүнээс хойш ямар үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж бас ялангуяа нутгийн ард иргэдийн төвшинд ямар үр дүнгүүд гарсан бэ?

2007 оноос өнөөг хүртэл манай ТББ хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал :

• Хулангийн экологийн судалгаа - бусад амьтадын төрөл зүйлс (зэрлэг болон гаршуулсан)-тэй харьцах байдал мөн энэ төрөл зүйлд амьд үлдэхэд учирч буй аюул, занал. Эдгээр судалгааны ачаар, бид хулангийн экологийн онцлогийг ойлгож түүнд нийцсэн экологийн үйлчилгээг тодорхойлох боломжтой болсон. Жишээлбэл : ихэнх усны эх үүсвэр татарсан, бороо хур багатай, жилийн хамгийн хуурайшилттай үед хулан адуу өөрөө голын гольдрил хэсэгт эсхүл усны ундаргатай газар нүх ухаж хөрсөнд хадгалагдсан ус юм уу борооны дараа хөрсөнд шингэсэн усыг гарган ундалдаг. Хулан адуу өөрийн ундлах усаа ингэж олж авдаг. Мэдээж түүний гаргасан энэ уснаас бусад зэрлэг амьтад болон хүний гаршуулсан мал амьтад ч уудаг. Хулан адуунд учирдаг аюул заналхийллийн тухайд гэвэл бид хэд хэдэн байдлаар тодорхойлсон : хулгайн ан, хууль бус худалдаа (мах, шир мөн уламжлалт анагаах ухаанд ашиглах зорилгоор зарим эд эрхтнүүд) ; түүний экологид үзүүлж буй ач тусын талаарх нутгийн иргэдийн мэдлэг хомос байдал ; мал сүрэгтэй байгалийн нөөц (ус, бэлчээр) булаалдаж тэмцэх ; говьд баригдсан уурхайнуудруу чиглэсэн авто зам болон төмөр зам барьснаас болж нутаглах бүс нь хуваагдсан гэх мэт...

• Хүрээлэн буй орчины тухай боловсрол - бид хүрээлэн буй орчины талаар орон нутгийн сургуулиудтай хамтран боловсролын үйл ажиллагаанууд явуулдаг. Тухайлбал : орон нутгийн малчид, байгаль хамгаалагчид, хилийн оффицерууд, лам хуврагууд гээд насанд хүрсэн иргэдийг хамруулан сургалт зохиодог. Харин хүүхдүүдэд зориулсан хоёр хэл дээр хэвлэгдсэн танин мэдэхүйн сургалтын хэрэглэгдэхүүн, хулангийн тухай үлгэр домог зэргийг эрхлэн гаргасан. Бидний эдгээр үйл ажиллагаанууд маань судалгааны бүс нутагт аж төрж буй иргэдэд хүрээлэн буй орчинг хадгалан хамгаалах хийгээд хулан адууны байгальд ямар ач тустайг, түүнийг нь нутгийн иргэд хэрхэн хүртэх бололцоотой вэ гэдгийг ойлгуулахад нэмэр болсон.

• Нутгийн иргэдийг байгаль хамгаалах ажилдаа татан оруулж төлөөллийг нь хүрээлэн буй орчны хамгаалагч идэвхтэн иргэд болгох - энэ чиглэлийн ажлууддаа бид тухайн нутгийн лам нар болон тэдний гэр бүлийг түлхүү хамруулж, ажиглалт явуулах, хянах камерыг ашиглаж сургах зэргийг заасан. Ингэснээр нутгийнхныхаа ухамсар, мэдлэгт зөв нөлөө үзүүлэхээс гадна хулангийн экологийн талаар мэдээлэл цуглуулахад чухал тустай байдаг.

• Эко аялал жуулчлал болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад суурьласан аялалын маршрут - бид говь цөлийн биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах болон нутгийн иргэдийг оролцуулах зорилгоор зэрлэг ан амьтдыг ажиглах, шинжлэх ухааны оролцоот аяллууд зохион байгуулна. Эхний үйлчлүүлэгчдээ 2020 оны зун хүлээн авах байсан ч ковид-19 цар тахлын улмаас төсөл маань хойшилсон. Нөхцөл байдал сайжирмагц уг ажлаа эхлүүлнэ.

• Бидний судалгааны бүсэд байрлах тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх - энэ төслийг 2016 онд санаачлан, байгаль хамгаалагчдад зориулсан судалгааны аргын тухай хэд хэдэн сургалт явуулсан. Дараагийн санхүүжилтээ авахаар энэ сургалтаа үргэлжлүүлнэ.

4. Говийн хулангийн ирээдүйн талаар ямар ажлууд төлөвлөсөн бэ ? Ирээдүйд хийх ажлуудынхаа тухай ярьж өгнө үү?

Мэдээж бид эхлүүлсэн эдгээр олон төрлийн үйл ажиллагаануудаа тасралтгүй үргэлжлүүлэхийг зорьж байна. Мөн холбоогоо Монгол Улсад бүртгүүлж, монгол залуу мэргэжилтнүүд болон экспертүүдийг ажиллуулан тэдэнд өөрийн улсынхаа биологийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах ажилд шууд оролцох боломжийг бүрдүүлж өгнө гэж найдаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд :
• Юун түрүүнд говь цөлийн өмнөд болон зүүн өмнөд бүсэд орших тусгай хамгаалалттай газруудын хүсэлтийн дагуу байгаль хамгаалагч болон мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн сургалтаа аль болох хурдан дахин эхлүүлэхийг эрмэлзэж байна. Тус сургалтыг газар дээр практик байдлаар явуулахаас гадна бүтэн жилийн турш цахимаар онолын сургалтыг мөн явуулна. Ингэж тэдгээр ажилтнуудын экологийн мэдлэг, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, эко аялал жуулчлал болон зэрлэг ан амьтдыг хамгаалах, судалгаанд ашиглах мэдээлэл цуглуулах зэрэг чиглэлээр мэдлэг чадварыг нь хөгжүүлэхийг зорьж байна. Уг сургалтад хамрагдсанаар тэдний өдөр тутам гүйцэтгэдэг ажил нь илүү мэргэжлийн болох , нутгийн иргэдийн мэдлэг, ухамсарт зөв нөлөөлөх зэрэг ач холбогдол их бий. Түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээнд өөрсдийнхөө мэдлэг чадвараа үнэлүүлж судалгаа шинжилгээний болон байгаль хамгаалах бусад төсөл хөтөлбөрүүдэд шууд оролцон ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгнө ;
• Үүний дараа, мөн тусгай хамгаалалттай газруудтай хамтран эко-клуб байгуулахаар төлөвлөж байна. Тэдгээр клубийг байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүд орон нутгийн сургууль, багш нартай хамтран удирдах ба шинэ үеийн хүүхдүүдэд хүрээлэн буй орчны хамгаалалт, биологийн олон янз байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулахын төлөө сургалтууд зохион байгуулна ;
• “Хүрээлэн буй орчныг хамгаалагч идэвхтэн иргэд”-ыг мөн адил сургалтад хамруулж мэдээлэл цуглуулах ажлаа өргөтгөх, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад нутгийн иргэдийг илүү мэдлэгжүүлэн хамтран ажиллахаар зорьж байна ;
• Дараагийн санхүүжилт шийдэгдмэгц Монгол хулангийн экологийн судалгаагаа үргэлжлүүлж, түүний бусад төрөл зүйл, хүний үйл ажиллагаатай хэрхэн харьцаж буйг нарийвчлан судална. Мөн бидний судалгааны бүсэд нутагладаг тоо толгой нь ховордсон бусад амьтны зүйлийг ч бас судлахаар төлөвлөсөн ;
• Монгол Улс ковид-19 халдварыг хяналтандаа авч, хилээ нээхээр аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээнэ. Энэ төсөл бол зөвхөн бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй судалгааны бүсэд оршин суудаг нутгийн ард иргэдэд ч гэсэн чухал дэмжлэг болох болно.
Эцэст нь хэлэхэд эдгээр бүхий л үйл ажиллагаанууд бол ихэнхдээ мартагдаж үлддэг ч экологи, соёл, шинжлэх ухааны асар чухал ач холбогдолтой мөртлөө одоогоор аль аль нь туйлын эмзэг болоод байгаа экосистем, амьтны нэгэн төрөл зүйл хоёрыг л хамгаалах гэсэн маш тодорхой зорилгын төлөө хийгдэж байгаа гэдгийг хэлье.
Бидний үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл :
Цахим хуудас : https://www.goviinkhulan.com
Фэйсбүүк хуудас : https://www.facebook.com/Association.GOVIIN.KHULAN
Инстаграм : https://www.instagram.com/goviinkhulan/

publié le 29/06/2021

Дээшээ