Хөгжлийн талаарх Их 20-ийн сайд нарын хуралдаан

Вашингтон, 2011 оны 9-р сарын 23

JPEG Их 20-ийг тэргүүлж буй Франц улсын санаачлагаар Вашингтон хотноо 2011 оны 9-р сарын 23-нд анх удаа Их 20-ын орнуудын сангийн болон хамтын ажиллагаа хариуцсан сайд нарын хуралдаан боллоо.

Вашингтон хотноо 2011 оны 9-р сарын 23-нд болсон тус хурлыг БНФУлсын Эдийн засаг, Санхүү, Аж үйлдвэрийн сайд Франсуа Баруан / François Baroin/, мөн Гадаад болон Европын хэргийн сайдын дэргэдэх хамтын ажиллагаа хариуцсан сайд Анри дө Рaйнкүр /Henri de Raincourt/ нар даргалан явууллаа.

Уг хурал нь Их 20-ын зүгээс хөгжлийн талаар тусгайлан хийж буй сайд нарын хэмжээний анхны хурал юм. Энэ нь Их 20-ийг тэргүүлж буй Франц улс хөгжлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд хөгжингүй улс орнууд, хөгжиж буй улс орнуудын түншлэлийг бий болгохыг хүсч байгааг харуулж буй хэрэг боллоо.

Энэ хуралд Их 20-ийн гишүүн орнуудын сангийн сайд нар, хамтын ажиллагаа хуриуцсан сайд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн урилгаар оролцож буй 5 орон /Этиоп, Сингапур, Арабын нэгдсэн Эмират улс, Испани, экваторын Гвиней/ болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч оролцлоо.

Хурлын зорилго нь хөгжиж буй орнуудын шинээр тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой чиг баримжааг тогтоох явдал байлаа. Уг үйл ажиллагааны хөтөлбөрийг Их 20-ын гишүүн орнууд 1 жилийн өмнөөс хэлэлцэж ирсэн бөгөөд ирэх 11-р сард Францын Канн хотод болох Их 20-ын төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад өргөн барих юм.

Хөгжлийн талаарх Их 20-ийн сайд нарын энэхүү хуралдаан нь хүнсний аюулгүй байдал, дэд бүтэц, хөгжлийн шинэчилсэн хөрөнгө оруулалт гэсэн үйл ажиллагааны 3 голлох чиглэлийг хөндлөө.

Хүнсний аюулгүй байдлын хувьд, хөгжиж буй орнуудад ХАА-н үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, ингэхдээ ялангуяа хөгжлийн олон талт банкны үйл ажиллагааны хөтөлбөрийг ашиглах, олон улсын газар тариалангийн судалгааг бүс нутгийн судалгаатай холбон уялдуулах, дээрх орнуудын ХАА газар тариалан эрхлэгчдийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах зэрэг талууд дээр шийдвэрт хүрэх зорилготой байв.

Дэд бүтцийн салбарт хөгжлийн олон талт банкнуудын танилцуулсан үйл ажиллагааны хөтөлбөрийн эргэн тойронд ярилцлаа. Уг хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын дэд бүтцийн салбарын томоохон төслүүдийг /ус, цахилгаан эрчим хүч, тээвэр, холбоо харилцаа/ санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эдгээр төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой юм. Ерөнхийлөгч Никола Саркозигийн хүсэлтээр энэ салбарт хөгжлийн шинэлэг арга зам санал болгох зорилготой хийгдсэн илтгэлийг ч мөн сонслоо.

Хөгжлийн хөрөнгө оруулалтын талаар мөн Ерөнхийлөгч Никола Саркозигийн хүсэлтээр Билл Гейтсийн тавьсан илтгэлийн анхны дүгнэлтийг Их 20-ийн орнуудын сайд нарт танилцууллаа. Уг илтгэл нь хөгжилд шинээр тулгарч буй хэрэгцээг санхүүжүүлэх арга зам /ялангуяа санхүүжилтийн шинэтгэл/, ядуу буурай ард түмнүүдийн төлөө олон улсын эв нэгдэл хамтын ажиллагааны бодлогод хөгжиж буй орнуудын үүрэг оролцоо зэргийг тусгасан байсан юм. Сайд нар мөн дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд зориулсан санхүүгийн эх үүсвэрийн талаар ОУВС, Дэлхийн банкны тавьсан илтгэлийг сонсож санал солилцлоо.

Их 20 нь дэлхийн эдийн засгийн 85%, хүн амын гуравны хоёрыг эзэлдэг юм.

publié le 30/09/2011

Дээшээ