МОНГОЛ ГЭРИЙН ГОНХНЫ ШИНЭ ЗАГВАР

Энэхүү “Сарантуяа” нэртэй монгол гэрийн үүдний гонх нь ПАДЕМ олон улсын байгууллага, Эрүүл Саруул амьдрахуй ТББ-ын хамтран гаргасан шинэлэг загвар юм.
“Эрүүл Саруул амьдрахуй“ ТББ нь ПАДЕМ байгууллагын дэмжлэгтэйгээр, Аббе Пьерре Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 10 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах төслийн хүрээнд тэдний орон байрны нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажиллалаа.

“Сарантуяа” гонх нь Монгол гэрийн дулааныг сайжруулах зорилготойгоор хийгдсэн био-цаг уурын архитектурын шийдэл юм. Энэ нь ялангуяа хавар, намрын улиралд, дээгүүр нь бүтээсэн гялгар уут уруунарны гэрлийг нэвтрүүлж, дулааныг хуримтлуулаад, тэр нь амьдарч буй гэр лүү нь шингээгдэхээр хийгдсэн байна. Ингэснээр тухайн айлын нүүрсний хэрэглээг багасгаж, хэмнэсэн мөнгөө эрүүл мэнддээ зарцуулах боломжтой болох юм.

Үүнээс гадна, уг шийдлийн “тал саран” хэлбэр нь Монгол гэрийн үндсэн хэлбэрийг хэвээр нь үлдээж, амархан барьж, буулгадаг нүүдэлчдийн соёлыг хадгалахыг эрмэлзсэн онцлогтой.

Гэрийн хаалганы өндөр ихэвчлэн 120 см байдаг бол уг гонхны хаалганы өндрийг 180 см-аар тооцоолж, босгогүй хийсэн нь орж гарахад хялбар болсон байна. Хана болон унины хэмжээ нь стандарт биш хэмжээтэй учир, шаардагдах хэмжээгээр нь захиалгаар хийлгэсэн хэдий ч үнэ өртгийн хувьд тийм ч өндөр үнэтэй биш ажээ. Энэхүү туршилтын загварын нийт өртөг нь 1,7 сая төгрөгт багтсан байна.

publié le 23/10/2019

Дээшээ