Францын “Тахь хамгаалах холбоо”, Монголын “Хомын талын тахь” ТББ-уудын үйл ажиллагааны хүрээнд Хомын талд нутагшуулсан тахийн тоо толгой 100-д хүрлээ [fr]

Монголын баруун хязгаарт орших Хомын талын байгалийн цогцолборт газарт нутагшуулж буй Пржевальскийн адуу хэмээн алдаршсан тахийн тоо толгой өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр 100–д хүрлээ. Тавдугаар сараас хойш 14 унага төрсөн ба ирэх намар гэхэд мөн тооны унага төрөх тооцоотой байна.

Монгол Улсын хэмжээнд Хомын тал, Тахийн тал, Хустайн нуруу гэсэн гурван газарт тахь нутагшуулах ажил үр дүнтэй хэрэгжиж, Байгаль хамгаалах олон улсын холбооноос гаргасан жагсаалтын дагуу “устаж үгүй болж буй зэрлэг амьтан” ангилалд байсан тахь нь ийнхүү “нэн ховордсон амьтан”-ы ангилалд шилжсэн байна.


1998 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд Францын “Тахь хамгаалах холбоо” ТББ, Монголын “Хомын талын тахь” ТББ хамтран 15000 га талбайг хамрах Хомын талд тахийн сүрэг нутагшуулах ажлын эхлэлийг тавьжээ. Хомын талд тахь нутагшуулах ажлаас гадна, “Тахь хамгаалах холбоо” ТББ нь Францын Сэвэннийн Байгалийн цогцолборт газарт орших Кусс Мэжаны өндөр уулархаг нутагт тахь судлалын төв байгуулсан бөгөөд уг төв тахийг амьтны хүрээлэнгээс гаргаж онгон зэрлэг байгальд дасгаж улмаар үр төлийг нь Монголд дахин нутагшуулах ажлыг явуулдаг. 2004-2005 оны хооронд Францаас 22 тахь Монголд авч ирэн улмаар цус ойртохоос сэргийлэх үүднээс 2011 онд Чех Улсаас мөн 4 тахь нэмж авч иржээ.
JPEG
Тахь нутагшуулах дээрх ажлаас гадна, “Тахь хамгаалах холбоо”, “Хомын талын тахь” ТББ-ууд хамтран орон нутгийн эдийн засгийг дэмжих, цаашлаад хэргэжүүлж эхэлсэн энэхүү ажлаа хадгалан хамгаалах, нутгийн малчидтай эв найртай хамтарч ажиллах, тахийг монгол адуутай цус холилдуулахгүй байх зэрэг зорилтын хүрээнд Хомын талд нутагладаг малчидтай хамтран хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд :
-  Нутгийн малчин эмэгтэйчүүдэд зориулан ялангуяа гар урлалын чиглэлээр мэргэжлийн сургалт (техник аргачлал, бизнес эрхлэхэд сургах) зохион байгуулах. 2008 онд байгуулагдсан хоршооны малчидын урласан гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг Францын Лозэр дахь төвийн дэргэдэх дэлгүүртээ худалдах ;
-  Тэмээний тоо толгойг өсгөх, тэмээний ноосыг үнэд хүргэх зорилгоор худалдаа, маркетинг, техник туслалцаа үзүүлэх чиглэлээр Францын Бран де Виан-Тираны ноосны үйлдвэртэй түншлэл байгуулж, бүтээлэг, ороолт хийх ноосыг Улаанбаатарт угааж бэлтгэн, Франц руу илгээж байна.

2020 оны тавдугаар сард Хомын талыг Байгалийн цогцолборт газраар бүртгэх шийдвэрийг УИХ гарган, уг шийдвэрийн дагуу тус газар нутгийн хэмжээг 400 000 га талбай болгон өргөжүүлэх зэрэг шинэ таатай боломжууд үүссэн. Байгалийн цогцолборт газар шинээр байгуулах, түүний ойр орчныг хамгаалах ажил нь тус нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө. Дээрх ТББ-ууд шинээр байгуулагдаж буй тус цогцолборт газрын үйл ажиллагааг хариуцах үндсэн байгууллагууд байх болно.
JPEG

publié le 07/08/2020

Дээшээ